- Зарим хүн "Ураны уурхай байгуулаад гадаадад худалдаж мөнгө олох" хүсэлтэй, хүний хөгжлийн сангийн мөнгөө нэмэгдүүлж авахыг мөрөөдөж байх шиг.
- Зарим залуус "Атом цөмийн энергийг ашиглах нь маш их ашигтай, эдийн засгийн хувьд Монголыг олон улсын түвшинд гаргана" гэж ярьж мөрөөдөж дэмжиж байна.
- Зарим боловсролтой гэгдэх залуус "Монголыг дэлхий нийтийн хамгийн аюултай хогийн сав болгоё" гэж байгааг дэмжээд, "ураныг олборлоно ч, хог хаягдлыг нь буцааж авна ч" гэж ярьж байна, эсвэл зүгээр л чимээгүй дүлий дүмбэ оргиод харж сууцгаана. Зарим нь бүр сонсоогүй, сонсохыг ч хүсэхгүй явна...
Эдгээрийг эсэргүүцэж байгаа хүмүүс олон байгаа ч гол нь дэмжээд байгаа хүн бас олон байгаа нь үнэхээр аймшигтай, бас эмзэглэмээр... Бүр аргал түлж байхын оронд атомын энерги ашиглая гэж жишээлэн тархи угааж бичиж байх юм... (Уг нь бодитоор нь харвал бид аргал биш нүүрс түлээд байгаа л даа...)
Миний хувьд нэлээд олон зүйл уншиж бас олон том эрдэмтдийн үгийг сонсож харж байгаагийн хувьд энэ бүхнийг бүгдийг нь эсэргүүцэж байгаа юм. Tаны мэдлэгт нэмэр болох болов уу гэсэн үүднээс, бас хүмүүсийг ойлгож өөрсдийн ирээдүйн төлөө энэ бүхнийг бүү дэмжээсэй гэсэн бодлоор доорх зүйлсийг бичлээ. Хадгалж байгаад, эсвэл хэвлэж аваад цаг гаргаад заавал уншаарай:
1. Ураны уурхайн аюул
Өнөөдөр Монголд нүүрсний болон, алтны уурхай л гэхэд ямар их гамшгийг дагуулж байгаа билээ. Гэтэл бүүр их аюултай ураныг илүү ихээр олборлох талаар яригдаж байна.
Ингэхэд уран гэж юу вэ? Юу нь тийм аюултай юм бэ?
Уран гэдэг бол цацраг идэвхт бодис (radio active element) юм.
Цацраг идэвхт бодис гэж тэгвэл юу вэ?
Энэ нь атом нь тогтвортой бус өөрөө задарч өөр химийн элемент болох явцдаа цацраг туяа ялгаруулдаг бодис юм.
Цацраг туяа гэж юу вэ?
Цацраг идэвхт бодисоос 3 төрлийн цацраг цацарч байдаг. Эдгээрийг альфа, бетта, гамма цацраг гэж нэрлэдэг. Альфа болон бетта цацраг нь нэвтрэх чадварын хувьд муу. α-цацрагийг бичгийн цаасаар л хааж болно. Харин гамма цацраг нь ямарваа зүйлийг нэвтрэх чадвар өндөртэй. Аль ч цацрагийн хувьд хүний биеийг нэвтлэх явцдаа эсийн дотор орших нарийн нийлмэл бүтэцтэй уураг, РНХ, ДНХ-ийн молекулуудын хоорондын тусгай холбоосыг тасалснаар хүний эсийг гэмтээдэг. Үүнээс α-цацраг байгальд байх уранаас ялгарах бөгөөд төдийлөн хоргүй гэж яригдаж байсан ч үнэн хэрэгтээ хамгийн аюултай цацраг нь юм байна. Энд дараад олж мэдэж болно. Үүнд хүүхэд илүү өртөмтгий. Ингэж цацраг туяанд өртөж гэмтсэн эс нь хорт хавдрыг үүсгэдэг. Харин эхийн хэвлийд бойжиж буй урагт цацраг туяа нөлөөлснөөр элдэв гаж хөгжилтэй аймшигт хүүхдүүд төрдөг ба тэдний ихэнх нь амьдрах чадваргүй тул зулбаж үрэгддэг.
Ураны уурхай нь газар дор байх бөгөөд ил хэсгийн аргууд нь их бага хэмжээний хог хаягдлыг гаргадаг.
- өнгөн хэсгийн ухаж зайлуулсан шороо
- хүдрийн бага агууламжтай хэсэг
- ураны баяжмал багатай хад чулуун хог
- бусад завсрын түвшний хүдэр
- угаасан ус, ууршсан, шавхай
Байгалийн ураныг цөмийн түлш болгон боловсруулах үе шат:
U3O8 хэлбэрт оруулах (ураны исэл – шар нунтаг хэлбэр),
Ураны гексафлорид болгох,
0.7% U235 –аас 2-5% U235 болгож баяжуулах,
Ураны давхар исэл (UO2)-ийн үрэл болгох,
Үрлийг саваа хэлбэрт оруулж цөмийн түлш болгон угсрах.
Эдгээр ураны боловсруулалтын шат бүрд хаягдал гарна.
Ураны уурхайгаас гарсан хаягдал уул овоо мэт шороо, мөн агаарт цацагдаж буй альфа цацраг ялгаруулах ураны уурхайн тоос нь тооцоолж баршгүй их аюултай зүйл юм.
Ураны уурхайгаас жилд 20 тонн баяжуулсан уран олборлоход 150 тонн хаягдал шороон овоо гардаг. Нөгөө нэг дээр үеийн Монгол кинон дээр "Энэ ариун явдал уу?" гэдэг шиг энэ тэгээд аюулгүй ногоон технологи уу? Газар нутгаа хэдэн зуун тонн овоолсон шороо болгохын төлөө хэдэн цаас авч, дээр нь хордож, хавдраар өвчилж, үр удмаа устган сүйрэхийн төлөө хэдэн цаас авах нь хэнд ашигтай вэ? Бидний мэдлэг сул дорой, ердөө иймхэн зүйлийг олж уншаад судлаад хийхгүй байгаа нь гадаадууд өөрсдийн хөрсөнд байгаа ураныг олборлохгүй мөртлөө Монголын уурхайг сонирхож Монголын газар нутгийг сэндийлж байгаа шалтгаан нь байх. Үнэн хэрэгтээ уран бол дэлхий дээр тийм ч ховор элемент биш.
Тийм учраас ураны уурхайнуудыг дахин байгуулахгүй. Одоо байгаа уурхайнуудын үйл ажиллагаанд маш өндөр хяналт, шаардлага тавьж, нөхөн сэргээлт хийлгэж, ойр орчмын тоосжилт, цацраг идэвхт дээр дурдсан бүх цацрагуудыг олон дээжинд хэмжиж улсаас маш нарийн хяналттай ажиллуулах, эсвэл хаах талаар ард иргэд бид дугарах, тэмцэх, энэ бүхнийг мэдэхгүй байгаа эрх баригчиддаа дуулгаж хэлж өгч, уншуулах ёстой болов уу.
2. Атомын цахилгаан станц Монголд ашиггүй.
АНУ-ын Станфордын Их Сургуулийн цөмийн энергийн тэнхимд багшилж байсан Монгол профессор Ундраа хэмээх хүн "Монгол улсад атомын цахилгаан станц ашиггүй" гэж Дуусдаггүй яриа зурагтын нэвтрүүлэгт оролцож байхдаа хэлсэн. Та энд дараад нэвтрүүлгийг үзэж болно. (Гэхдээ энэ хүний ярьж байгаа цөмийн хаягдал ашигтай талаарх яриа нь худлаа болохыг, худалдагдсан болохыг нь доор тайлбарлана.)
Тэгвэл яагаад ашиггүй вэ?
- 1. Монголд атомын цахилгаан станц барихад хангалттай ус байхгүй. Атомын цахилгаан станцад ураны түлшийг идэвхжүүлэхэд цөмийн урвалаас маш жижиг тэсрэлтүүд болох бөгөөд (Энд дарж үзэж болно) Цельсийн 1000 градус, түүнээс дээш хэмжээний дулаан ялгардаг. Боловсруулалтаас ялгарсан өндөр хэмжээний халуунаас үүсэх агаарын даралтыг хүйтэн усаар тусгай аргаар хөргөж, халуун хүйтний огцом даралтаас үүсэх усны уураар генераторын дамрыг эргүүлж дамрын эргэлтээс эрчим хүч гарган авдаг байна. Хүйтэн ус халуун агаарт ууршиж, үүссэн их хэмжээний уурыг агаар, мандал руу гадагшлуулдаг байна. Атомын цахилгаан станцаас гарах энэ их халууныг зөвхөн голын, эсхүл газрын гүний усаар хөргөдөг. (Энд дарж үзэж болно) Монгол улс, хуурай уур амьсгалтайн дээр усны хэмжээ хомс, цөлийн бүс нутгийн хэмжээ тэлсээр байгаа. Тэрчлэн гол, горхи ширгэж, ой мод ихээр сүйдсэнээс ундны усны нөөц хэмжээ хэт багасаж байна. Хүн ам цөөн, дээр нь суурин бус тархмал байдлаар аж төрж байгаа нь усны асуудал хэр хэмжээний эмгэнэлт байдалд хүрснийг үл анхаарахад хүргээд байна. Зөвхөн Улаанбаатрын хүрээнд л гэхэд Туул гол маань бидний багад ямар устай байгаад одоо ямар болчхоод байгаа билээ? Нөхцөл байдал ийм байхад цөмийн эрчим хүчний байгууламжийг бүрэн ажиллуулах тэр их ус хаана байгаа юм бол? Байлаа гэхэд хэдий хэмжээний нөөц тогтоогдож байгаа вэ? Зөвхөн 1 кг уран боловсруулахад хэдэн куб метр ус агаарт ууршина гэдгийг төсөөлөхөөс ч аймшигтай. Эрчим хүчтэй болохын тулд усгүй болох уу?
- 2. Атомын цахилгаан станц дэлбэрвэл яах вэ? Японы Фукушимад саяхан атомын цахилгаан станц дэлбэрчихлээ. Япончууд нийтээрээ аюултай байдалд байна... (Энд дарж үзээрэй) Чернобылээс хойш олон жил өнгөрсөн, техник технологи хөгжсөн дэлбэрэх боломжгүй, компьютерын хяналт удирдлагатай өнөөгийн төвшинд атомын цахилгаан станц нь ямар ч аюулгүй, ач холбогдолтой гэж ярьж байтал дэлбэрчихлээ шүү дээ. Тэгээд авсан арга хэмжээ нь ч Япон гээд тэр хариуцлагатай том гүрний хувьд хангалтгүй байлаа гэж яригдаж байна. Гэтэл Монголд бариад, тэгээд нэгэн цагт хүмүүсийн тооцоолоогүй хэмжээний давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд дэлбэрвэл яах вэ? Япончууд Фукушимагаасаа үйлдвэрлэсэн цахилгаанаараа хэдэн электрон бараа машин үйлдвэрлэж хэдэн төгрөг л олсон байх, гэхдээ тэр мөнгө нь буцаад хэдэн зуу дахин нугарч төлөгдөхөөр болчихлоо. Эрүүл мэнд үгүй бол ямар ч мөнгө байгаад яах юм бэ? Ингээд бодохоор дэлбэрэхгүй гэх баталгааг хэн ч яаж ч өгч чадахгүй. Өглөө гэхэд тэрэнд нь итгэвэл дараагийн Фукушима нь Монголд байж мэдэх юм... Шинэ орчин үеийн технологи Хятадууд хийсэн, дэлбэрэхгүй, хамгаалалт сайтай гэж уран олборлогч, атомын станц бүтээгч улс орнууд ярьж буй хэдий ч мянга сайн технологи байгаад тэд хэзээ дараагийн цахилгаан станц дэлбэрэхийг үнэн хэрэгтээ мэдэхгүй, юу тохиолдохыг урьдчилан харах боломжгүй, бас баталгаа өгч чадахгүй шүү дээ.
- 3.Атомын цахилгаан станц эдийн засгийн хувьд их ашигтай гэдэг нь ташаа ойлголт.
Хүмүүс атомын цахилгаан станц барьснаар хэд дахин хямд эрчим хүчтэй болно гэсэн буруу ойлголтыг тархи угаах зорилгоор цацаад байгаа нь үнэн үү? Үнэн хэрэгтээ бол атомын цахилгаан станц Монголчуудын хувьд нүүрсний цахилгаан станцаас олигтой илүү ашигтай байж чадахгүй.Үүнээс гадна АЦС-ыг барьж дуусах хүртэл Монголчууд эрчим хүчний үнээ төлж чадах чадвартай эдийн засгийн боломжтой иргэдтэй болчихсон байсан ч АЦС цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд эхлэнгүүтээ 7 жил хагасын дотор өртгөө бүрэн нөхнө гэсэн нь зөвхөн цаасан дээр л хэрэгжих боломжтой “мөрөөдөл” юм.
Гэтэл хог хаягдлыг хадгалахад барьснаасаа дутахааргүй их хэмжээний зардал бас гардаг. Мөн АНУ-ын эрчим хүчний хэрэглээнд хийсэн судалгаанаас харвал нэгжийн (1кВ цаг) үнэ нь нүүрс шатаах цахилгаан станц болон атомын цахилгаан станц хоёр яг тэнцүү $0.04 байдаг болохыг доорх хүснэгтээс харж болно:
Нэмээд эрсдэл, засвар үйлчилгээ, аюулгүй байдал гээд олон зүйлийг хамтруулаад бодоод үзвэл атомын цахилгаан станц нь нүүрсний цахилгаан станцаас илүү ашигтай байж чадахгүй юм. Харин үүний оронд нүүрсээ коксжуулах, нүүрсний станцуудаа дараагийн түвшинд гаргаж хөгжүүлж шинэчлэх, хайбрид, нар, салхи, биомассын гээд аюулгүй ногоон энергийн эх үүсвэрийг, тэр ч байтугай ийм их малтай юм чинь малын ялгадснаас метан гаргах, одоо яригдаад байгаа нарны эрчим хүчээр магни шатаах гээд бусад аюул багатай, эрсдэл багатай энергийн эх үүсвэрүүдийг судалж ашиглах нь хамаагүй дээр болов уу.Тэгвэл яагаад том улсууд атомын цахилгаан станц хэрэглэдэг вэ? Учир нь бусад улсуудад Монгол шиг хэмжээний өөрсдийн энергийг хангахад хүрэлцэхүйц нүүрсний нөөц байхгүй болж байгаа болохоор тэр юм. Мөн олборлолт тээвэрлэлтийн зардал нь тэдгээр улсуудад нүүрсний цахилгаан эрчим хүчний үнэ өртгийг өндөр болгодог. Монголд бол хангалттай, бас ойрхон нүүрс байна. Монголчуудын хувьд нүүрсээ коксжуулж боловсруулаад, эсвэл өөр шинэ технологи боловсруулаад нүүрсний цахилгаан станцаа хөгжүүлэн ашиглах нь эдийн засгийн хувьд ч илүү үр ашигтай юм.
3. Цөмийн хорт хаягдал яагаад аюултай вэ?
Уран байгаль дээр түүхийгээр, огт хөндөгдөөгүй байхдаа төдийлөн хор хөнөөлтэй биш. Түүнийг олборлох үед агаарт цацагдсан тоосонцор, үлдсэн хаягдал шороо, баяжуулж боловсруулах бүх шатанд их хэмжээний хорт хаягдал гардаг. Үүнээс атомын цахилгаан станцад ашигласны дараа үлдэх хаягдал нь хүн төрөлхтөнд хамгийн аюултай гэж үздэг. Ураны уурхайн хаягдлын талаар цөмийн хог хаягдал гэж ярьдаггүй ч уг нь бол бас л энд багтдаг. Гэсэн ч түүнийг орхиод Цөмийн хорт хаягдал (Nuclear waste) гэж юу болох талаар мэдээллийг судлаад үзэцгээе.
Уг хаягдалд чухам юу байгаа болохоор олон улсад онцгой анхаарал татдаг, яагаад цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл явуулдаг орнууд хаягдлаа булшлах газар олоход хэцүү байдаг, яагаад АНУ-ын засгийн газар 2011 оны 2-р сард Невада мужийнхаа Юкка ууланд 10 орчим тэр бум доллар зарцуулан, хадан уулыг 300 гаруй метр гүн ухаж, хаягдал зөөх төмөр зам тавьсан ч үүнийгээ таслан зогсоож, бусад гадаадын улс оронд хаягдлаа хаяхаар хөөцөлдөх болсон шалтгааны талаар өгүүлье.
Цөмийн урвалын төгсгөлд үүсэх цацраг идэвхтэй бодисыг радионуклид гэж нэрлэнэ. Цацраг идэвхт хаягдал нь ихэвчлэн доор дурдсан радионуклидээс тогтоно.
Радионуклид | Цацрагын төрөл | Хагас задралын хугацаа (жилээр) | Хүний биед хадгалагдах хагас хугацаа | Бай эрхтэн |
34Cl | бета | 3x105 | 10 хоног | Бүх эрхтэн |
79Se | Бета | 1.1x104 | 200 хоног | Элэг, бөөр |
94Nb | Бета, гамма | 2x104 | 200 хоног | Уушиг, элэг, яс |
99Tc | Бета | 2.1x105 | 1.6 хоног | Бамбай булчирхай хоол боловсруулах зам |
129I | Бета | 1.57x107 | 80 хоног | Бамбай булчирхай |
135Cs | Бета, гамма | 2.3x106 | 110 хоног | Бүх эрхтэн |
238U | Альфа, гамма | 4.47x109 | 100 хоног | Яс, бөөр |
239Pu | Альфа | 24130 | 10 жилээс хэдэн 10 жил | Элэг, төмсөг, өндгөвч, яс |
Дээрх радионуклидууд дундаас хамгийн бага хагас задралын хугацаатай нь плутониум 239 бөгөөд ойролцоогоор 24000 жил болсны дараа зөвхөн хагас нь задарч арилдаг байна. Гэхдээ нэгэнт хүний биед орсон бол тухайн хүний элэг болон ясанд 10 хүртэл жил хадгалагддaг нь эрүүл мэндэд үзүүлэх хорт нөлөөг нэмэгдүүлдэг. Хүн төрөлхтний соёл иргэншлийг 3000 жилийн өмнөөс Египтийн эзэнт гүрний үеэс эхлэлтэй гэж үзэхэд хамгийн бага хугацаанд задарч дуусах цацраг идэвхт бодис нь түүнээс 8 дахин урт хугацаанд хортой туяа ялгаруулна гэсэн үг.
Гэтэл өнөөдөр ийм удаан хугацаанд аюулт цацраг ялгаруулдаг энэ цөмийн хаягдал гэгчийг саармагжуулах шийдлийг олсон ганц ч улс, орон байхгүй. Яг өнөөдрийн байдлаар уранаас ялгарсан шаарыг хэдэн давхар үетэй ган цутгамал баллонон контейнерт хийж, хөрсний бүх үе, давхрагаас доошоо буюу доод тал нь 500 метрийн гүнд асар том бетон агуулахад хийн орхиж байна. Хэдийгээр өнөөдрийн байдлаар газарт булшилсан урааны хаягдлаас цацраг ялгарсан гэж тогтоогдоогүй ч тогтоох ямар нэгэн арга хэрэгсэл гэж үгүй. Тийм бололцоог цөмийн эрчим хүч үйлдвэрлэгч ямар ч улс орон олгохгүй байгаа. Тэгсэн хэр нь булшилсан ураны шаар ямар нэгэн хохирол учруулахгүй гэдэгт тэдгээр улс орнуудын аль нь ч ямар нэгэн баталгаа гаргаж өгөхөөс татгалзсаар байна. Угаасаа ч тийм баталгаа гаргах боломжгүй. Дэлбэрэхгүй баталгаа өгсөн атомын цахилгаан станц өнөөдөр дэлбэрч байгаа нь хүн төрөлхтөн хэтэрхий ахадсан тоглоомоор тоглож буй хэрэг юм. Газрын гүнд булсан тэдгээр контейнерүүд нь газар хөдлөлт, чичиргээ зэрэгт гэмтэж, ан цав үүсэн цацраг идэвхийн хорыг алдахгүй гэх ямар ч баталгаа алга гэсэн үг. Магадгүй ийм зүйл болж цацраг идэвхт бодист газрын гүний усны судлуудад нэвчих, магадгүй өөр бусад хүн төрөлхтний тооцоолоогүй замаар хөрсөн дээр гарч ирвэл яах вэ?Цацраг идэвхт бодисыг тээвэрлэх явцад бас л туяа ялгарч хордуулах болно. Магадгүй бүүр тээвэрлэх явцад алдагдвал яах вэ? Улаанбаатараар төмөр замаар өнгөрөх үед террорист халдлага болохгүй гэх баталгаа бий билүү?
Цөмийн хаягдлыг дотор нь Бага, дунд, өндөр төвшний хаягдал гэж ялгадаг ба дунд өндөр төвшний хаягдал нь маш аюултай хортой юм. Эрүүл мэндийн салбараас гарч буй бага төвшний хаягдлыг АЦС-аас гарч буй өндөр түвшний их хэмжээтэй хаягдалтай харьцуулах нь утгагүй хэрэг юм. Цөмийн хаягдлын ялгаруулах цацраг нь их байх тусам хордуулах хэмжээ нь их байна.
Ийм учраас цөмийн энергийг ашигладаг улс орнууд энэхүү хог хаягдлыг өөрийн нутагт хаяхгүй, маш их мөнгө төлөн бусад ядуу буурай улс оронд хаяхыг эрмэлздэг байна. Энгийн үгээр хэлбэл “би үхэхээр чи үх” гэсэн л үг юм.
Цөмийн хорт хаягдлаас урган гарч болох бусад улс төр, эдийн засгийн эрсдлүүд:
- Цөмийн хорт хаягдлыг дахин боловсруулж цөмийн зэвсэг хийдэг түүхий эдийг хялбар аргаар гаргаж авч болдог. Цөмийн зэвсгийн түүхий эд болох хорт хаягдлыг Монголд булшлах болбол цөмийн зэвсэг сонирхогч улс орнууд, террористуудаас хамгаалах шаардлагатай болно. Үүний дагуу АНУ цэргийн бааз Монголд байгуулах магадлал өндөр. Хөрш том хоёр оронтой улс төрийн хувьд тийм ч таатай бус харилцаатай том гүрнүүдийн хооронд зөрчилдөөн үүсвэл хамгийн эхний дайны талбар хаана байж болох вэ?
- Монгол улс дэлхий дээр цөмийн хаягдлын хог хаягдлыг булшлагч орон гэсэн нэртэй болно. Ингэвэл цөмийн хаягдалтай оронд зочлоод зугаацаад байх сонирхолтой жуулчдын тоо хэр их байх бол? Цацраг идэвхт бодисын хогийн сав болсон улсаас бараа, таваар худалдан авах мулгуу хүн байх уу? Тэгэхээр Монголын эдийн засаг гадагшаа бараа бүтээгдэхүүн гаргах боломж нөхцөл нь улам бүр хаагдаж Монголчууд зөвхөн цөмийн хаягдлыг авч хаяулж, газар нутгаа ухуулж байж мөнгө олоод түүнийгээ юу ч хийлгүйгээр зүгээр хувааж идэгчид болж хувирах юм биш байгаа?
АЦС-аас бусад ашигтай эрчим хүчний эх үүсвэрүүд
Өнөөдөр дэлхий даяараа аюулгүй, зардал багатай хангалттай эрчим хүчний эх сурвалжийг хайн судалж байна. Үүнд нар, салхи, биомассын эрчим хүчийг хамгийн их анхаарч байгаа бөгөөд өнөөдөр дөнгөж 20% хүртэл ашиглагдаж байгаа нарны энергийг 5 жилийн дараа 90% хүртэл ашиглагдах боломжтой болно гэх зэрэг судалгаа, нээлтүүд шил шилээ даран хийгдэж техник технологи хөгжиж байна. Хэдэн жилийн дараа ямар ч АЦС хэрэггүй бүхнийг хямд аргаар, аюулгүй нар, салхины эрчим хүчээр шийддэг болсон байх боломжтой болох хүртэл нүүрсний цахилгаан станцаа сайжруулан ашиглаж байхад алдах зүйл үгүй болов уу.
Тайлбар: Цэнхэр өнгийн текстүүд дээр дарж эх сурвалж, мэдээллүүдийг унших боломжтой. Зургуудыг мөн дээр нь дарж томруулж үзэх боломжтой.
Энэхүү нийтлэлийг баяжуулах, хуулах, ямарваа нэгэн хэлбэрээр ашиглах, хэвлэн нийтлэхэд ямар нэгэн хориг үгүй ба бүх хэлбэрээр ашиглах тараах нь чөлөөтэй. Надаас зөвшөөрөл авах, нэр, холбоос дурдах албагүй. Мөн та бүхний нэмэлт мэдээлэл, санал шүүмжлэлд миний блог нээлттэй байх болно. Бас тэр нөгөө талаас нь хараад ашигтай тал байна гээд байгаа хүмүүс тэр мэдээллүүдээ сэтгэгдлээр үлдээгээрэй.
Холбоотой мэдээлэл бүхий хуудаснууд:
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл:
1-рт Өндөр хүчин чадал бүхий үйлдвэрүүд ажиллах боломжтой болно жишээ нь ган боловсруулах г.м
2-рт цахилгааны үнэ хямдарч нүүрсний үнэ буурна гэхдээ нүүрсний үнэ тээврийн зардалдаа баригдаад тодорхой хэмжээнд хүрээд тэрнээс доош буухгүй учраас айл өрхүүд цахилгаан халаалтыг илүүд үзнэ !
3-рт гадаад улсаас худалдаж аваад байгаа цахилгаанаа худалдаж авхаа болино улсын ЭЗ т тун хэрэгтэй
4-рт ус огтхон ч бохирдохгүй. АЦС нь гаргаж авсан эрчим хүчээрээ усыг буцаагаад хөргөж том усан санд хадгалдаг тэр усаа л хэрэглэдэг ! зөвхөн онцгой аваарын тохиолдолд цацраг идэвхитэй усаа гадагшуулдаг
5-рт чернобил . фукушима 2 бол нийт сүүлийн 50 жилд баригдсан 500 гаруй АЦС аас зөвхөн 2 т тохиолдсон явдал
2. Or shirend barigdaj uilee uzehgui
3. OHU-s tsahilgaan dulaanaa shiiduulehgui za ingeed yriad bval zondoo ym bnaa
Hamgiin gol n BAIGALI DEER TSATSRAG GEDEG YM CHINE BIDEND HARAGDAJ UZEGDEHGUI CH BJ BDAG ZUIL ENENEES TIIM CH AIH YM BISH gehdee bidnii tsahilgaan dulaani eh uusver nuurs ch gsen dotoroo ymar hort hii aguuldagiig meddeg ch boloosoi suuliin ued hort havdariin uzuulelt mash erchimteigeer nemegdej bgaa n baigali deer tsatsrag idevh baij bgaag haruulj bn shuudee za tgd avah geehin uhaanaar handaarai
Хэлээд юу гэх вэ. Өчигдөржин сууж нэг ийм юм бичсэн. Үүнийг эцсээ хүртэл эсэргүүцнэ. Ямар ч байсан бариулахгүй байх хэрэгтэй гэж бодож байна.
@TERCUU YZELTEN
Мэдэхгүй юм даа. Хүмүүсийн тархийг арай л дэндүү угааж худал мэдээлэл цацаж байна. Түүнд хүмүүс, бүүр боловсролтой гэгдэх хэсэг нь хүртэл итгээд янз бүрийн юм ярьж бичицгээж байна шүү дээ... Ийм байхад бүх ард түмний санал энэ тэр гэх нь хэр зөв юм байагаа юм.. Уг нь бол төр засагт байгаа эх орноо, ирээдүйгээ гэсэн хүмүүс нь үүнийг мэдээд хийх хэрэгтэй мэт...
Тэр хилийн шугаманд хийсэн ч маш аюултай л даа. Гол нь газрын доогуур Сэлэнгэ, Орхон шиг том гол шиг усны судлууд явж байдаг. Хичнээн хол байлаа гээд тийшээ орчихвол тэр ус явсан бүх газар тэр чигээрээ хордоно. Ганц Монголын ч асуудал биш. Хүн төрөлхтөн бүгдээрээ л атомын цахилгаан станц, атомын энергийг удирдаж чаддаг болтлоо ашиглахгүй л байх хэрэгтэй гэж боддог.
Бас таны бодож байгаа буруу. Цацраг идэвхт бодис гэдэг хүн нэг өртөөд л үхчихдэг зүйл биш. Маш удаан хугацаагаар аюултай байдал үүсгэдг. Хэрэв 500м ухаад хийвэл газрын гадарга дээр хэсэг хугацаанд юу ч мэдэгдэхгүй, ямар ч аюулгүй ч байж болно. Тэгэхээр тэр хилийн хулгай энэ тэрийг тийм аргаар шийднэ гэдэг бол ямар ч утгагүй асуудал л даа. Гол нь энэ маань маш удаан хугацаагаар хэдэн зуун жилээр аюул нь арилахгүй. Хүмүүс 100-200 жил аюулгүй хадгалж чаддаг юм гэхэд түүнээс цааш яахыг хэн ч хэлж мэдэхгүй байна гэдэг нь л хамгийн аюултай тал нь юм л даа.
тэгээд хүмүүс аюулын хэм хэмжээг ойлгоод ч байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг. Бас ЗГ-ын мэдээ мэдээлэл уншаад бүр уурлахыг минь яана. Итгэл дэндүү алдарч байна шүү? Арай ч өдий чинээ гэж бодоогүй болохоор.
Reply-to: tsahim-urtuu-suljee@googlegroups.com
Цөмийн хаягдал хадгалах агуулах барина гэдэг асуудлын тухайд өөр маягаар хандахгүй бол яваандаа гарцаагүй мад тавиулах байдалд орж мэдэхээр болчихлоо. Яавал тийм агуулах бариулахгүй байж болох вэ гэж зөндөө л бодлоо. Энэ толгой их мууджээ. Нэлээн бодож байж нэг ``Пионер мад`` олж харлаа. Эсрэг тал маань биднийг ``Пионер мад``-аар нам суулгах гэж байна шүү дээ. Шатарт сайн хүмүүс бол амархан л харчихаар байж. Цахим Өртөөний эрхэм гишүүд бүгд над шиг шатарт муу байна гэж баймааргүй юм даа.
Тэгэхээр ийм байна: Уран олборлоод, бүр боловсруулж шар нунтаг гээчийг бий болгоод гадагш нь экспортлоод түүнээс олох их мөнгө гэдэг бол эсрэг талын бидэнд хаяж өгч байгаа ``өөш`` юм. Эсрэг тал маань ``бод`` сул хаяж байна гэсэн үг. Бодны гамбит юм уу даа. Бид чинь сул юманд нугасгүй юм болохоор идэхгүй хаачив гэж. Дараа нь нөгөө тал маань хэлнэ: - Бид уранаа гаргасан орны хувьд дэлхийн жишгийн дагуу хог шаарыг нь буцааж авах ёстой. Буцааж авсан цөмийн түлшний хаягдлыг хадгалахын тулд бид Монголдоо нэг сайхан агуулах барих шаардлагатай байна. Нэгэнт л нутагтаа агуулах барих юм чинь нэгмөсөн томоохон юм барьчихвал бусад орны хаягдлыг ч бас хөөрхөн төлбөр аваад хадгалж болох бус уу? Их ч барьсан өмхий, бага ч барьсан өмхий гэж. Нэмэгдэл орлого олох бас л нэг арга, ард түмээн!
Ингээд бид ``Пионер маданд`` орж байгаа нь энэ дээ. (Нөгөө тал гэж О.Чулуунбат , А.Ундраа тэргүүтэй цөмийн хаягдал хадгалахыг дэмждэг хүмүүсийг хэлээд байгаа юм шүү)
Энэ маднаас зайлах ганц л арга харж байна. Тэр бол Уран олборлох, боловсруулах, экспортлохыг тодорхой хугацаагаар хориглох явдал. Уран олборлож гадагш нь гаргахгүй бол бид гарсан хог шаарыг нь буцааж авах асуудал үүсэхгүй. Тийм болохоор бидэнд агуулах барих шаардлага гарахгүй. Агуулах байхгүй юм чинь гадны хаягдал орж ирэхгүй гэсэн үг. Ийм энгийн логикоор хараад байна л даа. Тэгэхээр уранаа олборлохыг дэмжээд, хаягдал хадгалах агуулах бариулахгүй гэж хашгирах бол утгагүй болоод байгаа юм.
Бид одоо уран олборлохыг эсэргүүцэж хашгирах хэрэгтэй байна.
Ер нь уранаа хөндөхгүйгээр өөр ашигт малтмалаа олборлоод явахад Монгол газардахгүй. О.Чулуунбат гишүүний цэцэрхээд байгаа шиг цөмийн энерги ашиглахгүй бол Монголчууд лааны гэрэлтэй бүдүүлэг хэвээрээ үлдэж, хөгжихгүй гэдэг бол зөөлхөн хэлэхэд дэмийрэл. Тусгай үүрэг гүйцэтгэгч А. Ундраа гэдэг нөхөр нисдэг онгоцоор жишээ аван цэцэрхсэнийг ``Дуусдаггүй яриа`` нэвтрүүлгээс үзлээ. Тэрээр онгоц газар унаж сүйрдэг ч гэсэн хүмүүс хэрэглэсээр байдагтай адил АЦС аюултай ч гэсэн хэрэглэхэд болохгүй юмгүй ухааны юм ярина лээ. Энхбат гишүүн тухайн үед энэ хоёрын харьцуулалт утгагүй бөгөөд гарах үр дагавар нь тэнгэр газар шиг ялгаатай гэдгийг тайлбарлах сийрэг ухаан дутаж олигтой юм дуугарч чадахгүй байгаа харагдсан. Онгоц сүйрвэл дээд тал нь 200-300 хүн амиа алдана. Гэхдээ байгаль дэлхий, хөрс болон газар дээр байх бусад хүмүүст хор хөнөөл байхгүй буюу хортой үр дагавар нь тэгтэй тэнцэнэ.
АЦС сүйрэхэд тэр хавийн амьтай болгон хордож, маш олон хүмүүсийг хамардаг, үр дагавар нь үр удамд нь нөлөөлдөг, удаан хугацаагаар үргэлжилдэг онц аюултай байдгаараа онгоцны сүйрэлтэй харьцуулшгүй юмаа гэдгийг л хэлчихэд болох байлаа.
Монгол одоохондоо хөгжсөн орон биш, тэр болтол нэлээд хугацаа орох учраас уранаар нэг хэсэгтээ оролдоод дэмий байхаа. АЦС-гүйгээр хөгжиж болох биз ээ гэж бодож байна. Хөгжсөн орнууд ч бий болох аюулыг саармагжуулж чадахгүйгээ мэдээд түрүүчээсээ татгалзаж байгаа бус уу? Монгол улс газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд ордог гэсэн.
Цунами болохгүй нь тодорхой боловч газар нь хөдлөөд АЦС-ыг нь эвдчихвэл манайхан үүрээ эвдүүлсэн шоргоож шиг баахан бужигнаж байгаад л бүгд чад болох биз. Одоо УБ-д газар хөдлөхөд нурж унахад бэлэн барилга олноороо баригдаж байгаа гэсэн.
Цахим Өртөөний гишүүдэд хандаж хэлэхэд, уран олборлохын эсрэг аян өрнүүлж ард түмэндээ учир байдлыг ойлгуулж ярьж эхэлбэл яасан юм гэсэн санал байна. ``Пионер мад`` гээд байгаа тэр гарцаагүй байдалд орохгүйн тулд уг үндсийг нь таслах хэрэгтэй гэж. Арабын Нэгдсэн Эмират улсад лав уранаа гаргаад дараа нь хаягдлыг нь буцааж авахаар урьдчилсан байдлаар тохирсон гэж бичсэн байсан санагдаж байна. Ингээд л эхэлж байгаа нь энэ дээ.